Миний бие Нио арилжаа болон хөрөнгө оруулалтын утга учрыг олох гэж 2012 оноос хойш яваа. Маш олон, төрөл бүрийн мэдлэг мэдээлэл шаарддаг энэ салбарт амжилт гаргана гэхээс илүүтэй амьд үлдэх нь туйлын зорилго мэт… Гэсэн ч шантрахгүй явсанууд нь, яг л учир зүйтэй нь үнэнээсээ тулсангууд нь амжилтад хүрдэг гэдгийг энэ хугацаанд олж харсан. Тиймээс чадах бүхнээ та нөхдөд хуваалцаж байхаар шийдээд буй нь энэ юм. Мөн өөртөө зориулж үргэлж сайжирч, өсөн нэмэгдэж явах хүсэлтэй байгаа тул бүх Newsletter үнэ төлбөргүй хүрч байх болно. Хэдхэн хоногийн өмнө анхны минь ЭРХЭМ багш тэнгэрт дэвшсэн ба тэр хүнээс сонссон зүйлс, суурь ойлголтууд бүгд л үнэ төлбөр шаардахгүй надад ирсэн байдаг.
Та эдгээрийн аль нь вэ?
Би аналитик хүн бөгөөд тоонуудыг задлах, судалгаа хийх дуртай.
Би математикийг үзэн яддаг бөгөөд өөртөө дахин төвөг удахыг хүсэхгүй байна.
Би долоо хоног бүр хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд хэдэн цаг зарцуулдаг.
Би хөрөнгө оруулалт хийж болох янз бүрийн компаниудын талаар унших дуртай ч математиктай холбоотой ямар нэгэн зүйлтэй холбогдох хүсэл алга.
Би завгүй хүн бөгөөд хувьцаанд дүн шинжилгээ хийж сурах цаг алга.
Та эдгээр сонголтуудын алинтай нь санал нийлж байгаагаас үл хамааран хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулагч болоход та оройтоогүй байгаа. Гол нь яаж хэрхэн хөрөнгө оруулагч болж, ашиг хүртэх вэ л гэдэг байна.
Хувьцаа худалдаж авахад бэлдэх
Хэрэв та хөрөнгө оруулахаар шийдсэн бол мэдээлэл цуглуулах нь хувьцааны хөрөнгө оруулалт хийхэд хамгийн маш чухал юм. Та хөрөнгө оруулалт хийхдээ ӨМНӨ болон ДАРААХ судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй болно. Мэдээжийн хэрэг, та анхны долларын хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө илүү их мэдээлэлтэй байх ёстой, та хувьцааг нь худалдаж авсан компанид юу болж байгаа, мөн салбар болон эдийн засгийн ерөнхий байдлын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хамгийн сайн мэдээллийн эх сурвалжийг эргээд тухай бүрд нь ярилцаж байя. Та хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болсон үедээ брокерын данс нээх хэрэгтэй. Монголд маань нэг их олон албан ёсны брокерууд ажиллахгүй байгаа бөгөөд яг мэргэжлийн гэвэл Interactive Brokers /https://www.interactivebrokers.com/en/home.php / ашиглаж болох юм. Мөн Таванбогд Капитал, Голомт Капитал, Мандал Капитал маркетс, Апекс Капитал гэх мэт дундын зууч байгууллагуудаар дамжиж болно. Мөн маш олон оффшор жижиг брокерууд ( албан ёсны бус ) байдаг бөгөөд эдгээрийг ашиглахыг аль болох татгалзах хэрэгтэй. Шууд л таны олон улсын картыг холбоод юу ч шаардахгүй арилжаа хийлгэх эрхийг өгч байгаа харагддаг. Тэр чинээгээрээ таны мөнгийг хурдан салгаж авах хүсэлтэй гэсэн үг. Мөн тэдгээр брокерууд дээр SPREAD-ийн зөрөө буюу авах зарах үнэ асар зөрөөтэй байдаг тул та шууд л алдагдлаар эхлэх боломж ихтэй.
Сайн хувьцаа хэрхэн сонгох вэ?
Амжилттай хувьцаа сонгох нь аз таарсан, эд шидийн гэнэтийн зүйл биш ч тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт, дүн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Хувьцаа нь ихэнх хөрөнгө оруулагчдын багц бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой ассет бөгөөд хамгийн том зах зээл учраас сайн судлах ёстой. Магадгүй та өөрийн хамгийн сайн мэддэг салбар юмуу өөрийн мэргэжлийн салбарын хувьцаануудыг сонгож оролцвол илүү сонирхолтой байх боловуу. Жишээ нь та уул уурхайн мэргэжилтэй бол өөрийн салбарын Акул компаниудыг, эсвэл салбарын яамны сайдыг сайн мэдэх байх. Хэн хаана юу хэлэв, ямар үйлдэл хийв гээд илүү ойрхон байх нь гарцаагүй. Тэгвэл шинээр газрын ховор элемент одоо дэлхийд ямар их хэрэгцээтэй болж байгаа билээ, Шведэд 2023 оны 1 сарын 10нд ямар том орд шинээр олдчихов, Үүнийг хэрэгжүүлэгч нь аль компани, үүнд нь хэн хөрөнгө оруулах магадлалтай байна гэх зэргээр илүү сонирхон судлах юм бол хүчээр нэг судалгаа хийснээр хамаагүй дээр байх. Үүнээс хойш ер нь бусад салбарч мөн сонирхолтой болоод явдаг юм байна лээ. Ингэснээр Макро эдийн засгийн ерөнхий ойлголтод мөн суралцаж дэлхий хаана явна, тэрийг ядаж ерөнхий байдлаар харж мэдэхэд дөхөм болдог.
Хувьцааны үнийг ойлгох нь
Та өглөөний цайндаа өдөр бүр талх иддэг. Түүнийгээ хүнсний дэлгүүрээс худалдаж авч байна гэж төсөөл. Энэ жишээнд талх нь компаниудтай адил бөгөөд үнэ нь компанийн хувьцаанд төлөх үнийг илэрхийлдэг. Хүнсний дэлгүүр бол хөрөнгийн зах зээл юм.
1. Хоёр өөр үйлдвэрийн талх ижил төстэй атлаа нэг нь 2000₮ , нөгөө нь 4000₮ үнэтэй байвал яах вэ?
2. Та алийг нь сонгох вэ? Та хоёр брэндийг харж, чанарыг нь дүгнэж, хэрэв тэд үнэхээр адилхан бол хямд үнэтэй талх авах магадлал өндөр биздээ. 4000₮ үнэтэй талх хэт өндөр үнэтэй санагдана. Хувьцааны хувьд ч мөн адил. Тэгвэл яагаад бүх талаараа ижил төстэй хувьцаанууд тэнгэр газар шиг өөр үнэтэй байна вэ? Үнэхээр л таны судалсан мэдсэн чинь үнэн байгаад нэг хувьцаа нь нөгөөгөөс хямдхан байвал хөрөнгө оруулагчийн хувьд илүү сайн худалдан авалтыг эрэлхийлнэ. Дэлхийн том хөрөнгө оруулагчид ч гэсэн энэ л боломжийг хайж ажиллаж байдаг. Гэхдээ талхны жишээ өөр талтай. Хоёр брэндийн талхны чанар эрс ялгаатай ч үнэ нь адилхан байвал яах вэ? Хэрвээ нэг брэнд нь хуучирсан, чанар муутай - 4000₮, нөгөө нь шинэхэн, дээд зэргийн чанартай, мөн 4000₮ үнэтэй бол та алийг нь авах вэ? Мэдээж би шинэхэн брэндийг авах болно. Магадгүй хуучин брэндийн талхыг 2000₮ худалдаж авах боломж байвал болж байна. 4000₮ хэт өндөр үнэтэй байна гэдэг санаа. Яг л ингэж үнэ зах зээл дээр тогтоод өөр өөр үнэлгээтэй байгаад байгаа юм.
Зах зээлийн үнэлгээ хувьцааны үнэд хэрхэн нөлөөлдгийг ойлгох
Та компанийн үнэ цэнийг (мөн хувьцааных нь үнэ цэнийг) олон янзаар тодорхойлж болно. Хамгийн үндсэн арга бол зах зээлийн үнэлгээ (Market Capitalization - нийт хэдэн долларын мөнгөн хөрөнгөөр үнэлэгдэж байгаа ) компанийн зах зээлийн үнийг харах явдал юм. Зах зээлийн үнэлгээ гэдэг нь тухайн хувьцааны эргэлтэд байгаа бүх хувьцааг нэгж хувьцааны үнээр үржүүлснээр олж авах үнэ цэнэ юм. Үүгээрээ ч салбар салбартаа компаниуд үнэлэгдэх нь бий. Жишээлбэл, хэрэв компани 1 сая ширхэг хувьцаатай бөгөөд хувьцааны үнэ нь 10 доллар бол зах зээлийн үнэлгээ нь 10 сая доллар байна.
Micro Cap (300 сая доллараас бага): Эдгээр хувьцаанууд нь хамгийн жижиг, тиймээс хамгийн эрсдэлтэй хувьцаанууд юм. (50 сая доллараас доош хувьцааг Nano cap гэдэг ч эдгээр нь нэг их сонирхолтой компаниуд байдаггүй.)
Small cap (300 сая доллараас 2 тэрбум доллар): Эдгээр хувьцаанууд нь Micro Cap-аас илүү үнэ цэнтэй бөгөөд өсөх боломжтой компаниуд гэж тооцогддог.
Mid Cap (2 тэрбум доллараас 10 тэрбум доллар): Олон хөрөнгө оруулагчдын хувьд энэ категорийг санал болгодог. Эдгээр хувьцаануудын өсөлт нь заримдаа маш том боломжууд олгоно. Мөн өмнөх 2-ыг бодвол унах эрсдэл ч харьцангуй багатай байдаг.
Large Cap (10 тэрбум доллараас 200 тэрбум доллар): Энэ категори нь илүү аюулгүйгээр тогтвортой өгөөж хүсдэг консерватив төрлийн хувьцааны хөрөнгө оруулагчдад зориулагдсан байдаг. Энэ ангиллын хувьцааг ихэвчлэн цэнхэр чипс (Blue Chips) гэж нэрлэдэг.
Ultra Cap эсвэл Mega Cap (200 тэрбум доллараас дээш): Эдгээр хувьцаанууд нь хамгийн том компаниудыг хэлдэг нь ойлгомжтой. Жишээ нь Amazon, Tesla, Google, Apple зэрэг хувьцаанууд.
Micro Cap = less than $300 Million
Small Cap = $300 million to $2 billion
Mid Cap = $2 billion to $10 billion
Large Cap = $10 billion to $200 billion
Ultra Cap or Mega Cap = more than $200 billion
Асуух зүйл гарвал Facebook-руу бичээрэй. Удахгүй видео контентууд орж эхлэх болно.
Discord: EZ Эдийн засаг
Youtube: EZ Эдийн Засаг
Facebook: EZ Эдийн засаг
Баярлалаа хөрөнгийн зах зээл энээ тэрээг сонсоод бага сага судлаад 3 жил гаран болсон ч, бас МОТ МАРУ гээд цаашлаад өчнөөн үнэгүй хичээл юмнууд интэрнэтээр дүүрэн байсан ч ерөөсөө л нэг туршиж хийж үзэж орж чадахгүй халгаад байгаад байсан юм. Ниогийнхоо хичээл мэдээллийг сайн үзэж сурч энэ зүйлрүү орноо гэдэг зорилго төрлөө, хичээнээ, зүтгэнээ
👏👏